Ж.Бат-Эрдэнэ сайд ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо энэ сарын 2-8-нд болсон “Оросын тээврийн долоо хоног-2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцох үеэр тус улсын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов.
Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашид тээврийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа талууд нотлов. Тухайлбал, “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Курагино-Кызыл-Овоот-Эрдэнэт чиглэлийн төмөр замын хойд коридорын төслийг урагшлуулахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.