Иргэд газар өмчлөлийн талаарх мэдээллийг гар утсаараа дамжуулан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-08 14:13:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд өөрийн өмчийн газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утасаараа дамжуулан авах боломжийг олгох Газрын кадастрын мэдээллийн систем өнөөдөр ашиглалтад орлоо.

Энэхүү систем 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн газрын зураглал, газар эзэмшигчдийн мэдээллийг нэгтгэсэн байна. Уг мэдээллийн системийн түлхүүрийг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд гардуулав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Өнөөдөр бид иргэдийн амьдралын баталгаа болсон газрыг өмчлөх,  эзэмших, ашиглах эрхтэй холбоотой нэгж талбарыг зураглах, бүртгэх нэгдсэн сисемийг ашиглалтад орууллаа. Одооноос холбогдох албаныхан энэхүү системын тусламжтайгаар газрын татвар, төлбөрийн бааз суурийг өргөтгөх, иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах зэргээр төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгахад анхаарах шаардлагатай юм. Нэгдсэн систем бол өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын энгийн хэрэглээ болсон зүйл. Тиймээс цаашдаа дэлхийн нийтийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллах нь туйлын чухал” хэмээв.
Ч.Ариунболд
Related news