Жолооч нар "Төмөр замын гарам, аюултай бүс" сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-30 15:51:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газар (НТГ), ЗТХЯ болон Улаанбаатар төмөр зам (УБТЗ) Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Төмөр замын гарам, аюултай бүс” сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтан, жолооч болон Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын 100 төлөөлөл оролцлоо. Жолооч нар эгнээ байраа буруу эзлэх, төмөр замын хаалт буухаас өмнө нэвтрэх гэж оролдсоны улмаас гараман дээр гацах, улмаар вагонд мөргүүлэх эрсдэлд ордог байна. Тиймээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулагчид “Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж”, “Төмөр замын хаалттай болон хаалтгүй гарам нэвтрэх журам”-ын талаар жолооч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Мөн ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх зөв дадал, хэвшлийг бий болгох чиглэлээр зөвлөгөө өгсөн юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрт тавих хяналтыг эрс сайжруулах боломж бүрдэнэ хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.
Ч.Ариунболд
Related news