Хятад Европын боомт дахь ложистикийн төвд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-30 12:06:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний 10 сард ачааны галт тэрэг Өрөмчөөс Алма-Ата руу 517 удаа нийт 19711 чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Галт тэрэгний энэхүү шугам өнгөрөгч хавар анх ашиглалтад орсон билээ.

Торгоны зам дагуух Хятад орноор аялсан олон улсын сэтгүүлчдийн баг ШУӨЗО-ны төв Өрөмч хот дахь Олон улсын ачаа тээврийн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэхүү тээвэр ложистикийн олон улсын төв нь Хятадаас Европ руу гарч буй экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, ангилан ялгах, хуваарилах, тээвэрлэх бүхий л үйл явцыг хариуцан ажиллахын зэрэгцээ хил гаалийн нэг цэгийн үйлчилгээг төвлөрүүлсэн цогц байгууламжууд бүхий хотхон ажээ. Тус ложистикийн төв байгуулагдсанаар Европын улсууд руу 26 хоногийн турш тээвэрлэгддэг байсан бараа бүтээгдэхүүнүүд одоо зургаахан хоногт багтан захиалагчиддаа хүрдэг болсон байна. Хятад-Европын галт тэрэгний шугам гурван маршруттайгаас ШУӨЗО-оор дамжин өнгөрч буй энэ шугамаар нийт ачааны 56 хувь нь тээвэрлэгдэж байна. Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний оронд Европ, төв Ази зэрэг бүс нутгийн түүхий эд материал Өрөмч хотын Ачаа тээврийн олон улсын боомтод ирж боловсруулах дамжлагаар орж бэлэн бүтээгдэхүүн болоод Хятад улс болон зүүн өмнөд Азийн улс орнуудын зах зээлд хүрдэг ажээ.

Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, ШУӨЗО-ноос тав дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа “Торгоны зам дагуух Хятад орноор аялах” арга хэмжээний энэ удаагийнхад “Шиньжян миний нүдээр” онлайн уралдаанд шалгарсан Монгол, Турк, Иордан, Ливан, Пакистан, Беларусь, АНУ-ын 11 сэтгүүлч оролцсон юм.
Б.Занданхүү
Related news