Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэжээ.
Тус явган аяллын замын дагуу ширээ сандал бүхий сүүдрэвч, зүг болон бусад зүйлсийг заасан анхааруулах тэмдэг, мэдээллийн самбар байршуулсан байна. Ингэснээр иргэд тав тухтай, аюулгүй аялах боломж бүрдэж байгаа юм. Уг тохижилтын ажлыг ашиглалтад хүлээн авах, иргэдэд танилцуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн удирдлагууд маргааш буюу ирэх сарын 01-нд Чингэлтэй хайрханд явган аялал хийх болжээ. Явган аялал Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1.5 км зайд орших Зүрх уулын амнаас эхлэх бөгөөд нийслэлийн иргэдийг эрүүл, цэвэр агаарт хамт алхахыг мөн урьж байгаа юм.
Ч.Ариунболд