“Хяналт шийдвэрлэлт -2017” нэгдсэн арга хэмжээ өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-27 13:56:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвлийн улирал эхэлж, айл өрхүүдэд түлээ түлш, идэш хоолоо бэлтгэх, нөөцлөх ажил өрнөж байна. Энэ үеэр мал хулгайлах, хууль бусаар мод бэлтгэх, мал, амьтны гоц халдварт өвчний голомт бүхий нутгаас мал, мах тээвэрлэн ирэх зэрэг асуудал ихэсдэг учраас аймгийн Засаг даргын А/533 дугаар захирамжийн дагуу “Хяналт шийдвэрлэлт -2017” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 20-иос эхлүүлээд байна.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтсээс хамтран автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, албан татварын хэрэгжилт, өөр аймаг, сумаас тээвэрлэн авчирч байгаа малын хөдөлгөөнд хяналт тавьж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт "Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч" аяныг зохион байгуулж, хот хоорондын замд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн дөрвөн зөрчлийг илрүүлэн зорчиж явсан 38 зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй том оврын автобусанд шилжүүлэн суулгажээ. Хяналт, шалгалт үргэлжилж байгаа ба иргэдэд хандан өөрийн аюулгүй байдлаа хангаж зөвшөөрөлтэй стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлж байхыг зөвлөж байна.
Б.Батчимэг
Related news