“Хатуу хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүрэг болон Истанбул хотын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хатуу хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 21-25-нд Удирдлагын академийн төв байранд зохион байгуулж байна.
Сургалтыг нээж БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал, Удирдлагын академийн дэд захирал, профессор Д.Цэдэв, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи нар үг хэлж сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Сургалтаар Истанбул хотын Захиргааны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерүүд Ахмет Эмин Илдирим, Хакки Сари, Ирже Дидем Карабиек нар Истанбул хотын хог хаягдлын менежментийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж байгаагийн зэрэгцээ дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн хөгжил, хандлагын талаар мэдлэг мэдээлэл өгч буй.
Сургалтад ХХААХҮЯ, нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ын төлөөлөгч зэрэг нийт 55 хүн оролцож байна. Сургалт дөрвөн өдөр үргэлжилж, төгсгөлд нь оролцогчдод сертификат гардуулах юм.
Б.Туул