Дэд хөтөлбөр тус бүр хоорондоо уялдаж хэрэгжих учиртай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-17 18:58:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөл 2017-2020 оны хооронд Баянхонгор аймагт хэрэгжих эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний спорт хөгжүүлэх, зорилтот өрх, иргэд, эмэгтэйчүүд, ахмадыг дэмжсэн найман дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна.

Хурлын эхэнд “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэлэлцсэн бөгөөд тус хөтөлбөрийг тооцоо судалгаа үндэслэлээ маш нарийн гаргасан сайн боловсруулсан хөтөлбөр гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдэв. Охид, бүсгүйчүүд зэргээр бүх насны эмэгтэйчүүдийн оролцоотойгоор хэрэгжих эл дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, ажил орлогожуулах зэрэг хэд хэдэн ажлууд тусчээ.

Хөтөлбөр тус бүрийг тодорхой үр дүн үзүүлэх хэмжээний зорилго тавихыг мөн түүнээ гүйцэлдүүлж ажиллах шаардлагатайгаас гадна Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа дэд хөтөлбөр тус бүр хоорондоо уялдаж хэрэгжих учиртай гэдгийг зөвлөлийн гишүүд ярьж байна. Дэд хөтөлбөрүүдийг үндсэн чиглэлд тусгахдаа өмнө нь хэлтэс бүр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж улмаар эрэмбэлэн салбар тус бүр дээр нь тодорхой төсвийг шийдэж өгсөнөөр эдгээр дэд хөтөлбөрүүд сая ажил хэрэг болж амжилттай хэрэгжинэ. Үүнийгээ дагаад ч хариуцлага өндөрсөнө гэж зөвлөлийн гишүүд үзэж байна.

Мөн хэд хэдэн журмыг авч хэлэлцэн өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал аймгийн аварга малчин шалгаруулахдаа малын тоо зэргийг гол үзүүлэлтээ болгодог байсныг өөрчилж малын чанар угсаа, сүргийн бүтэц, нийгмийн ажлуудыг нь харгалздаг болох зэргээр зарим журмуудад өөрчлөлт орохоор болжээ.

Өнөөдөр Засаг даргын зөвлөлийн гишүүд найман дэд хөтөлбөр, гурван журам болон бусад асуудлыг хэлэлцэж дуусгана.

             


                                                                                                                             Б.Мөнхзул

Related news