О.Од-Эрдэнэ: Төлөөлөгч иргэдтэйгээ ойр байж, санал бодлыг нь бүрэн дүүрэн мэдэх нь хамгийн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-13 14:49:09
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, "Мэдээлэл Холбоо Сүлжээ" ТӨХК-ийн Хэнтий салбарын дарга О.Од-Эрдэнэтэй уулзаж, төлөөлөгчийнх нь хувиар ажлын яриа өрнүүллээ. Энэ жил Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байгаа билээ. 

- Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгч бүрт өөрийн гэсэн зорилго, эрмэлзэл бий. Мэдээж тэд төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө зорилгоо тодорхойлсон байдаг. Таныхаар төлөөлөгч гэж чухам хэнийг хэлээд байна вэ?
-Таны, миний ажиллаж амьдардаг нутаг дэвсгэр дээр надад танд тулгамдсан тодруулбал, бидэнд сайн муу нөлөө үзүүлж байгаа асуудлуудыг миний, таны өмнөөс биднийг төлөөлж, эрх ашигт нь нийцүүлэхээр ажиллахаар сонгогдсон хүнийг хэлэх болов уу. Өөрөөр хэлбэл иргэд энэ хүн шийдвэр гаргахдаа ултай суурьтай голтой бодож сэтгэж зүтгэж, миний эрх ашигт нийцэх шийдвэр гаргаж, гаргалцаж чадна гэж олонх нь үзэж итгэл үзүүлэн төлөөлөл болгон сонгосон хүнийг л хэлж байгаа гэж ойлгодог. Бодит амьдрал дээр боловсрол, мэдлэг, чадвар, оюун ухаан, туршлага зэрэг олон зүйлийг орхигдуулаад хамаатан найз нөхөд, эд материал гээд сонгочихсон тохиолдлууд цөөнгүй бий байх. Төлөөлөгчийн боловсрол, мэдлэг чадвар ёс зүй чухал гэхдээ нэн чухал нь олныхоо төлөө сайн сайхныг хийх бодол хүсэл тэмүүлэл үйлдэл  юм.  
- Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа юуг чухалчилав?
-Иргэдтэй мэдээлэл солилцох, нутгийн удирдлага болох ИТХ-аар хэлэлцэх асуудалд иргэдийн санал бодлыг нь сонсож тусгах, гаргаж буй шийдвэрийн талаар эргээд мэдээлэл хүргэх ажлыг оновчтой болгохыг чухалчилж ажиллаж байна. Нэгдүгээрт мэдээлэл технологийн хөгжлийг ашиглах нь цаг хугацаа орон зай үл хамааран шуурхай байх боломжтой гэж үзэж, нүүр ном /facebook[/-нд өөрийн төлөөлж буй иргэдээ нэгтгэсэн бүлэг зохион байгуулж байна. Хоёрдугаарт бүгд кибер орон зайд байгаад байдаггүй тул сар бүрийн 15-нд багийн төвийнхөө байранд иргэдтэйгээ уулзах уулзалт зохион байгуулж эхлээд байна. Сонгогдсоноос хойш 6 сар орчим болж байна. Энэ хугацаанд гурван удаагийн ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн 10 удаагийн хуралдаан болсоноос есөн удаа оролцож, хэлэлцэж яригдаж буй асуудлаар иргэдийн санал, өөрийн байр суурийг илэрхийлж оролцлоо.
- Төлөөлөгчөөр ажиллахад саад бэрхшээл хэр их байдаг бол?
-Шалтаг тоочвол шалтгаантай шалтгаангүй зөндөө л бэрхшээл бий байх. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд мөнгө санхүүгийн асуудал байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд идэвх,  санаачлагатай оролцсон байдлаар нь харгалзан төлөөлөгчид  “урамшуулал”  олгож болно” гэсэн заалт уг нь бий. Гэвч улс аймаг сум орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад боломжгүй л байгаад байгаа. Үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө санхүү байхгүй наад захын зардалд зарцуулах мөнгөгүй төлөөлөгч яах хэрэг вэ хүнээс гуйна, намаасаа дэмжлэг хүснэ, найз нөхөд байгууллага аж ахуйн нэгжээс гуйна ‘’төлөөс, өртэй’’ болно. Эсвэл өөрөөсөө зарцуулна өөр арга зам байна уу байхгүй. Хүмүүс хэлдэг л дээ мөнгө чухал биш гэж. Гэвч өөрсдөө ажиллаад үзэхээрээ хамтраад ажил хийе гэхээр нөгөөх л мөнгө байхгүй шалтаг шалтгаанаа хэлээд та өөрөө нэг арга бодно байгаа л гэдэг юм.
- Орон нутгийн сонгуулийн өнөөгийн тогтолцоонд өөрчилмөөр олон асуудал бий. Таны хувьд хамгийн түрүүнд юуг өөрслөөсэй гэж боддог вэ?
-Орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг томсгож олон мандаттай болгох сонгуулийн хуулиар багт 1-ээс дээш сонгуулийн тойрог байгуулагдаж байгааг өөрчилж сум, дүүргийн хэмжээнд олон мандаттай нэг тойрог байгуулах нь зөв. Ингэснээр орон нутагт дов жалгын үзлээр ах дүү хамаатан садангаасаа Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, ах дүүгийнхээ эрх ашгийн төлөө, эсвэл аль нэг нам, эвслийн эрх ашгийн төлөө ажиллаж, нутаг дэвсгэр, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах ажлыг хэрэгжүүлдэггүй, төлөөллийн эрх үүргээ хэрэгжүүлж чаддаггүй төлөөлөгч сонгогдох боломж багасна. 
Сумын ИТХ-ын байгууллагын төсөв, санхүүгийн эрх мэдэл, баталгаа ямар байгаа талаар авч үзвэл: сумын ИТХ нь том нэрний цаана бараг эрх мэдэл байхгүй ажиллаж байна. Сумын жилийн төсөв батлах талаар жишээлж үзэхэд тусгай шилжүүлгийн байгууллагын төсвийг төдийгүй орон нутгийн төсвийн байгууллагуудын төсвийг ёсчлон баталдаг байдал хэвээр байна.
- Сүүлийн үед Хурлын Төлөөлөгчийг  "Намын Төлөөлөгч"  болсон гэх шүүмжлэл гардаг болсон. Яавал үүнийг өөрчлөх вэ?
-Сүүлийн үед гэж тодотголтгүй одоо үйлчилж байгаа Монгол Улсын хууль дүрэм журам дээрээс нь намуудын бодлого нь 1996 оноос хойш ийм л байгаа шүү дээ. Нам нэр дэвшүүлнэ нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ орон нутгийн эрх мэдлийг хуваарилахад ялсан нам нь хуваарилна.Та бие дааж нэр дэвшиж болно ялж болно гэхдээ хэлж ярихаас илүүг хийх тун хэцүү л болов уу. Аз таараад намууд ойролцоо суудал авсан тохиолдолд аль нэг талтай нь хамтарч өөртөө давуу байдал бий болгохгүй л бол шүү дээ. Орон нутгийг хөгжүүлэхэд цэгцтэй бодлого зөв алхамууд олныг хамарсан давалгаа хөдөлгөөн хэрэгтэй. Нам гэдэг маань уг нь ийм зүйлийг зөв зүйтэй хийж, түүнийг нь намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч дэмжин хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг. Харин намын бодлогоо дагаж байна гэдгээр олонход эсвэл цөөнхөд хамаардаг эрхэм иргэний төлөөлөл төлөөлөгч маань сайныг сайн гэж хэлэхгүй мууг муу гэж хэлж чадахгүй болчихдог. Энгийнээр хэлбэл төлөөлөгч ч хүн учраас сайхан амьдралыг мөрөөддөг, түүндээ хүрэхэд нь өөрийнх нь амьдрал ахуй эрх ашиг гээд бүхий л асуудалд нам нь нөлөөлдөг тул намын хараат болоод байгаа юм. Нам ‘’өгөх, авах’’ юмтай хариуцлага тооцох чадвартай байгаа учраас тэр. Олонх болсон талыг илүү намчирхаж байна гээд байдаг болохоос бодит байдал дээр цөөнх олонх гэлтгүй намчирхах явдал адилхан л харагдаж байдаг. Дэлхий нийт улс орныг удирдах эрхийг ардчилалын үндсэн дээр олж авах арга замууд дотроос  нам гэсэн тодрхой бодлого зорилго чиглэлтэй хүмүүсийн нэгдлээс өөр сайн хувилбар олоогүй л байна шүү дээ. Тэгэхээр намуудын бодлого нь зөв худал хулгайг дэмждэггүй ялгаварлан гадуурхдаггүй, хариуцлагагүй явдлыг өөгшүүлдэггүй үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө шат шатандаа ажилладаг болчихвол намын төлөөлөгч гэж харагдахгүй иргэдийн төлөөлөгч л болж харагдана.  Намын төлөөлөгч болоод байгаа нь төлөөлөгчөөсөө бус Монгол Улс дахь намуудын бодлого үйл ажиллагаанаас хамаарч иргэд сонгогчид тэгэж ойлгоод байнаа л гэж хэлэх байна.
- Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе.
-Нутгийн удирдлагын холбоо мэргэшсэн боловсон хүчинтэй, дадлага туршлагатай, судалгаатай байгууллагын хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын практик үйл ажиллагааны төлөвшлийг улсын хэмжээнд нэгтгэн судалж, арга зүйн зөвлөмжөөр хангах, төлөөлөгчдийг сургах дадлагажуулах талаар их ажил хийж байгаан билээ. Цаашдаа аймаг, сумын ИТХ, түүний ажлын албатай хамтран олон ажил хийж сайн үр дүнд хүрч чадна гэж бодож ойлгож байгаа. Улс орон минь хөгжин цэцэглэж, мандан бадрах болтугай.
Д.Одонтунгалаг
Related news