Сүхбаатар дүүргийн хог хаягдлын үйлчилгээ ухаалаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-08 17:12:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төв цэгт орших Сүхбаатар дүүрэг хог хаягдлын менежментийг ухаалаг болгох зорилт дэвшүүлэн  ажиллаж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, тээвэрлэлтийн асуудлыг цэгцлэхээр эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерийн хяналтад оруулахаар болжээ.

Төслийн хүрээнд тус дүүрэгт хогийн савны суурь хэсэг болон эргэн тойрны хэсгийг бетондож хөрсний бохирдлоос сэргийлсэн байна. Мөн хогийн сав байрлуулсан хэсэгт  гэрэлтүүлэг хийх аж. Хяналтын камер байршуулснаар  ил задгай хог хаягдал үүсэх,  хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих боломж бүрдэж, хамтын хариуцлага дээшилнэ хэмээн албаныхан хэллээ.
 
Б.Заяа
Related news