Монгол Улс полихлорт бифенил агуулсан төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-08 15:58:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох нь” төслийг амжилттай хэрэгжүүлж  өнөөдөр үр дүнг нь хэлэлцлээ.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн менежер Ажани Адегбоего тус төслийг Монгол Улс 2009 оноос хэрэгжүүлсэн бөгөөд бусад орнуудад үлгэр жишээ болохуйц амжилттайгаар өндөрлүүллээ хэмээн энэ үеэр онцлов. Төслийн хүрээнд манай улс полихлорт бифенилийн хууль эрх зүйн орчныг шинэчилж, энэ төрлийн хорт бодисын тооллого хийж, шинжилгээний лаборатори байгуулан, бохирдсон эрчим хүчний тосон тоноглолуудыг цэвэрлэх Итали Улсын технологийг нэвтрүүлжээ.

Мөн цэвэрлэгээний явуулын болон суурин цехээр 1000 гаруй тонн бохирдлыг цэвэрлэсэн хэмээн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас танилцуулав. Дээрх төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн ба энэ хүрээнд  эрчим хүч болон байгаль орчны салбарын 1200 орчим инженер техникийн ажилтнуудыг полихлорт бифенилийн менежментийн чиглэлийн сургалтад хамруулж чадавхжуулсан байна.

Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл төслийн хөрөнгөөр бий болсон иж бүрэн тоног төхөөрөмж, явуулын болон суурин цех, зөөврийн ачааны машин зэрэг 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгийн эзэмших эрхийг “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбууд гардуулав.

Манай улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай”  Стокгольмийн Конвенцид 2004 онд нэгдэж, энэ төрлийн хорт бодисын эсрэг Үндэсний хөтөлбөрөө баталсан. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний болон бусад салбарт хэрэглэж буй полихлорт бифенил агуулсан цахилгааны төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгахаар тусгасан аж.

 
Б.Заяа
Related news