Хотын дарга иргэдийн шинэлэг санал санаачилгыг нь дэмжихээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-07 12:32:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболд өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэдийг хүлээн авч, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэлэг санал санаачилгыг нь сонслоо.
 
Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Ш.Нарантуяа 2014 оноос өөрийн оршин суудаг гудамжныхаа 40-өөд айлтай нийлж “Хуримтлалын бүлэг” байгуулан амьдрах орчноо сайжруулах, тохижуулах ажлыг хийж эхэлсэн байна. Одоогоор 200 гаруй айлыг тус бүлэгт нэгдэж, дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран автозам сайжруулах, гудамж талбайг камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийжээ. Цаашдаа харин 200 айлынхаа дунд “Сервис центр” байгуулах хүсэлтэй байгаагаа танилцуулсан юм. Хотын даргын зүгээс түүнийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Жадамбаа 2014 оноос нярай хүүхдийн хувцас өлгийний оёдлын цех байгуулсан тухайгаа танилцуулав. Тэрбээр төрөх эмнэлгүүдэд бүтээгдэхүүнээ худалдах цэг байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд түүнтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, эхний ээлжинд “Амгалан” амаржих газарт худалдаа эрхлэх цэг байгуулахыг зөвшөөрсөн юм.
Түүнчлэн Баянгол дүүргийн иргэн С.Түвдэндорж гэрийн цахилгаан халаагуур, Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ганболд автомашины хорт утаа ялгаруулалтыг бууруулах шүүлтүүр, Хан-Уул дүүргийн иргэн Л.Эрдэнэхуяг газрын гүний дулаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулааныг шийдэх зэрэг санал танилцуулсныг Хотын дарга дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Ч.Ариунболд

Related news