Мэдээлэл технологийн чиглэлээр 1800 гаруй залуусыг мэргэшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-02 10:54:13
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”, БНСУ-ын КОИКА /KOICA/-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч "MKIT" сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг компьютерийн үндсэн хэрэглээний программын ээлжит сургалтыг нийт 50 гаруй иргэн амжилттай дүүргэж, сертификатаа гардлаа.

 Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын өгсөн үндсэн чиг үүргийн дагуу оюутан залуусыг нарийн мэргэжил эзэмшүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулж, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж байна. Бид өнгөрсөн долоон сарын хугацаанд 1800 гаруй залуусыг мэдээлэл технологийн чиглэлээр богино хугацаанд мэргэшүүлснээр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна. Манай төгсөгчдөөс 30 гаруй залуус мэдээллийн технологийн салбарт тогтвортой ажлын байртай болсон төдийгүй зарим нь гадны компанид мэргэжлээрээ ажиллах боллоо. Бид мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг нийслэл Улаанбаатар хотын залуучуудын хамт цогцлооно гэдэгт итгэл төгс байна" хэмээн онцлов.


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн  газраас дээрх сургалтаас гадна Веб хөгжүүлэгч, Веб дизайнер, Жава хөгжүүлэгч зэрэг компьютерийн программ хангамжийн нарийн мэргэжлийн найман төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм.
Б.Заяа
Related news