Монгол Улсын авто замын эхлэл цэгт байрлах хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-27 15:41:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой өнөөдөр тохиож байна

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан ЗТХЯ, Монголын авто замчдын холбоо, Нийслэлийн авто замын газар болон Авто замын компанийнхан, ахмад, залуу замчдын төлөөлөл Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэг буюу Сүхбаатарын талбайн өмнөх Хонхот цэцэрлэгт байрлах хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.  Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Аливаа улсын зам, түүний эхлэл гэдэг тухайн орны хөгжлийн эхлэл байдаг. Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхис, 21 аймаг 364 суманд энэ хөгжлийн замыг тавилцсан, нөр их бүтээн байгуулалтыг хийсэн автозамын салбарынхнаар  бахархахгүй байхын аргагүй. Та бүхний тавьсан замаар улс орны хөгжил, хүн ардын аюулгүй, амар тайван амьдралын түүх улам сайхнаар бичигдэх учиртай" хэмээв.

Энэ үеэр Адистидийн хур хийдийн лам хуврагууд Монгол Улсын авто замын сүлжээний төв цэгээс эх орны дөрвөн зүг найман зовхис руу салаалан “урсах” алтан шар зам, замчид, жолооч, зорчигчдодоо зориулан аян замын ерөөл айлтгаж буян хишгийн даллага айлтгасан бол, Түмэн эх чуулгын хамт олон уран бүтээлийн дээжээс өргөн  барилаа. Мөн шагналын эхний хур буусан 88-н жилийн түүхт ойн арга хэмжээ өнөөдөр алдар гавьяатнуудаа шагнах, урлаг соёлын арга хэмжээ болон бусад хүндэтгэлийн арга хэмжээгээр үргэлжлэх юм.
Ч.Ариунболд   
Related news