Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-26 17:18:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх "Синохайдро Лимитед корпорейшн" компанийн удирдлагуудыг НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү зам Налайх, Багануур, Багахангай  дүүрэг, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал, амралтын газруудтай нийслэлийг холбохоос гадна Монгол Улсын зүүн болон өмнө бүс, олон улсын АН-3 чиглэлийн авто замтай холбодог улсын чанартай гол зам юм. 50 гаруй жилийн өмнө БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барьж ашиглалтад оруулсан энэ зам, ачааллаа даахгүйд хүрснээс гадна ихээхэн эвдэрч, замын  хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Тиймээс тус замыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн юм.  Шинэчлэлийн хүрээнд уг замыг 4 эгнээтэй болгохоос гадна эрэлтүүлэг, явган болон дугуйн зам, явган хүний гүүрэн гарц бүхий байгууламж барих юм. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах чухал ач холбогдолтой авто зам болох юм. 2020 онд ашиглалтад орох энэхүү замыг шинэчлэх төслийн бэлтгэл ажлууд бүрэн дуусчээ.

Бүтээн байгуулалтыг эхлэхдээ тооцоо судалгааг бодитой хийж, ажлын нарийвчилсан хуваарийн дагуу, чанартай үр дүнтэй хийж гүйцэтгэхийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

Ч.Ариунболд
Related news