Нутгийн зөвлөлүүд, орон нутагтайгаа хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-24 14:04:00
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, сумдын Нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны Засаг дарга нар хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Хан Хэнтий нутгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах, хамтран ажиллах зорилготой тус гэрээг ийнхүү байгуулж байгаа юм байна.

Хэнтий аймгийн нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан" түүхэн аялал жуулчлалын Үндэсний хүрээлэн байгуулах төсөл, орон нутгийн онцлог бүхий брэнд бүтээгдэхүүнийг бий болгох санаачлагыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж хамтран ажиллах нь гэрээний нэг зорилго юм. 

Мөн орон нутгийн зам харилцаа, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагын тусламж дэмжлэг авах, төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, Үндэсний хэмжээнд болон бус нутгийн улс орнуудтай эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачлагыг дэмжих зэрэг олон бүтээлч, шинэлэг санал санаачлагуудыг хэрэгжүүлэхээр уг гэрээнд тусгасан байна.
 Д.Одонтунгалаг
Related news