Д.Гансүрэн: Жинхэнэ яруу найрагчид нас гэж байдаггүй шиг жинхэнэ яруу найрагт цаг хугацаа гэж байхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтийн аймгийн утга зохиолын салбарын тэргүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэнтэй уулзаж, түүний хэлбэргүй дүрслэлүүд, уран бүтээлийн сонин хачин, үзэл бодлыг нь хуваалцлаа. Түүний хувьд Монголын Утга зохиолын салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж, яруу найргийн “Дүрслэлүүд-1”, “Дүрслэлүүд-2”, “Хэлбэргүй дүрслэлүүд” зэрэг номоороо олонд танигдсан эрхэм билээ.
- Ярилцлагаа зарим хүмүүст хэдий нь танил болсон, зарим хүний хэзээ ч сонсоогүй, басхүү зарим хүний хэзээ ч сонирхохгүй хэлбэргүй дүрслэлүүдээр тань эхлэе. Эдгээр хэлбэргүй дүрслэлүүд хаанаас урган гардаг юм бол?
-Хэлбэргүй дүрслэлийн хувьд санамсаргүй ч нэг зүйл биш л дээ. Яруу найрагч хүний хувьд төлөвших, боловсрох, хөгжих цаг хугацааг тооцвол 30-аад жил болж байна. Энэ хугацаанд олж авсан уран бүтээлийн маань өөрийн гэсэн төрх нь миний хэлбэргүй дүрслэлүүд юм. Амьдрал өөрөө хэлбэргүй. Эдгээр дүрслэлүүд миний дотоод ертөнцөөс урган гарч байдаг. Яруу найрагч Ж.Нэргүй гэж найз маань надад нэг удаа “Чиний хэлбэргүй дүрслэлүүд Монголын утга зохиолд байраа эзэлчихлээ. Одоо чи шавь нараа бэлд” гэж хэлж байсан. Миний хувьд хэлбэргүй дүрслэл Монголын утга зохиолд ганц л хувь байх ёстой гэж үздэг. Уран бүтээлч хүн өөрийнхөө замыг өөрөө гаргаж, өөрийгөө бүтээх учиртай. Тэрнээс биш хэн нэгнийг хуулбарлана, дууриана гэдэг утгагүй зүйл.
- Уран бүтээлч хүн өөрийгөө бүтээдэг гэлээ. Та өөрийгөө хэрхэн урлаж буй яруу найрагч вэ?
- Би өөрийгөө 2 дүрээр бүтээж, 2 дүрээр амьдарч явна. Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, яруу найрагч Д.Гансүрэн хоёрын хооронд маш хол зай бий. Миний нэрийн хуудсан дээр Яруу найрагч гэдэг нь томоор, ИТХ-ын дарга гэдэг нь жижгээр бичигдсэн байдаг. Хүмүүс надаас яагаад ингэж бичиж байгаа юм гэж асуудаг. ИТХ-ын дарга бол миний зуурдын алба, яруу найрагч бол миний үүрдийн алба. Хэн ч намайг энэ суудлаас буулгахгүй. Тийм учраас ингэж бичдэг. Би өөрийгөө бүтээж л явна. Яруу найраг гэдэг ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгоод явж байна. Харин миний бүтээл хэр урт наслах нь цаг хугацааны асуудал юм даа.
-Яруу найрагчдыг их дурламтгай, сэтгэл хөдлөл, мэдрэмж ихтэй хүмүүс гэдэг. Та санал нийлэх үү?
-Тийм ээ. Би их дурламтгай хүн. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Насныхаа төгсгөлд “Миний дурлаж явсан бүсгүйчүүд” гэсэн ном бичиж үлдээнэ гэж боддог. Энэ ертөнцөд хамгийн сайхан, төгс зүйл нь дурлал байдаг. Тийм учраас яруу найрагчдын зүрх сэтгэл цагаан, илүү нүдтэй, мэдрэмжтэй хүмүүс байдаг. Яруу найрагчдыг дурламтгай, архичин, хүүхэмсэг гээд олон янзаар цоллодог. Энэ үнэн. Харин яагаад ингэж байгааг хэн ч ойлгодоггүй. Яруу найрагчид өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг тул энэ нийгмийг эрүүл нүдээр харахад дэндүү эмгэнэлтэй шүү дээ. Хүн өдөр бүхэн сайн сайхныг харж дурладаг байх хэрэгтэй. Эхнэртээ зориулсан шүлэггүй, эхнэрээсээ өөр хүүхэнд шүлэг зориулаагүй яруу найрагч гэж байхгүй.
-Дурлаж бичсэн шүлгүүдээсээ хэдэн мөрт хэлж өгч болох уу?
- Бололгүй яахав. Атгахандаа өргөх хэлбэргүй дүрслэлүүд шүлгээсээ нэг хэсгийг хэлье.
Мэндлэх шөнө чинь нар жаргаагүй биш, чамайг айсандаа
Чарлана гэж бодоод би зүгээр л дэнлүү барьж зогссон юм
Мэндэлсэн өдөр чинь инээд тасраагүй биш, чамайг гунигласандаа
Буцчихна гэж айгаад би зүгээр л инээмсэглэл зүүж тоглосон юм
Мэндэлсэн шөнө сарыг нүдэнд чинь аргамжсан бус
Нүдний чинь гал бөхвөл асаах шүдэнз байхгүй болохоор
Би зүгээр л хөшгөө нээгээд орхичихсон юм
Одоо харин чи минь үнэгчлэн хэлээ хөхөн унтаж байна
Огт мэдэхгүй ганц сайхнаа эндээс би харж байна
Бүсгүй хүн сэрүүнээсээ нойрсож байхдаа илүү үзэсгэлэнтэй юм
Бүтээж алахгүйн тул би харцаа буруулан би нүдээ анинам...
- Баярлалаа. Яруу найрагчийн онгод тэнгэрийн тухайд та юу хэлэх вэ?
-Би бичье гэж бодсон үедээ л бичдэг. Ямар нэг өдөөгч, хөг байж гэмээнэ бүтээлийг туурвидаг. Онгод орлоо гээд шүлэг бичээд унана гэж байхгүй байх. Өөр ертөнцөөс нэвчиж байгаа дуу хоолой, гоо сайхныг мэдэрсэн дуу алдалт бидний оюунд ирдгийг онгод гэж ярьдаг болов уу гэж би боддог.
- Та нэгэн ярилцлагандаа би их залхуу хүн гэсэн байна лээ. Та тийм залхуу хүн үү?
-2015 онд би “Хэлбэргүй дүрслэл” номоо гаргаж байлаа. Түүнээс хойш 2 жилийн туршид 140 гаруй шүлэг бичсэн байна лээ. 2 жилийн шүлгүүдээсээ шүүрдэж, 108 шүлэгтэй ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхлээр залхуугийн залхуу байж таараад байгаа биз. Нэг роман эхлээд орхичихсон. Бас хүүхдийн тууж бичиж дуусгаад байна. Засаж янзлахаас залхуураад, залхуурлаа төрийн албаруу чихээд л явж байна даа. Өмнө нь 2 жүжгийн зохиол бичсэн. Дахиад нэгийг эхлүүлээд орхичихсон. Цаг нь ирэхэд болох байх. Дэндүү яарах буруу гэдэг. Энэ ертөнцөд хийх зүйл үлдээж байхгүй бол буцахаас өөр замгүй болно шүү дээ. Хүний амьдралын бүх зүйл хэмжээтэй. Яаруу хүмүүс энэ орчлонгоос түргэн явчих гээд байдаг санагддаг. Залхуу байвал урт наслах юм болов уу даа. \инээв\
-Тэгвэл утга зохиолын салбарт амьдарч буй 30 гаруй жилийнхээ хугацаанд хичнээн бүтээл гаргасан бол?
-2008 онд анхны “Дүрслэлүүд-1” номоо 70 шүлэгтэй гаргаж байлаа. 2010 онд “Дүрслэлүүд-2” номоо 130 шүлэгтэй, 2015 онд 200 гаруй шүлэгтэй “Хэлбэргүй дүрслэлүүд” номоо гаргасан байна. Уран бүтээл гэдэг бүтээгдсэн тоондоо биш олны дунд амьдарч үлдэхдээ л байдаг. Д.Гансүрэнгээр нэрлэгдэж үлдэж байвал ганц шүлэгч байж болно.
-Батширээт нутгийн яруу сайханд өсөж өндийсөн хүн бүр яруу найргийн өндөр мэдрэмжтэй төрдөг болов уу?
-Манай нутаг олон ч хаадын хаадыг төрүүлсэн сайхан нутаг. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч, миний эрхэм багш Нямбуугийн Нямдорж, Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Цэрэндоржийн Цэдэнжав, Батын Нямаа, МУСГЗ, яруу найрагч Л.Нямаа, Монгол Улсын гавъяат багш Н.Ням-Осор гээд олон яруу найрагчийг энэ нутаг төрүүлсэн. Манай сумаас Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт 9 хүн төрөн гарсан байдаг юм. Онгодын адистай нутаг хэлж болно. Самбуугийн Очиржав, Шаравын Цэндгомбо, Дандаржавын Дашшарав гээд нэр заагаад хэлбэл олон яруу найрагчийг хэлэх боломжтой. Ц.Цэдэнжав найрагчийн хувьд Монгол хүн бүрийн мэддэг “Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм” хэмээх алдартай мөртийг хэлсэн их найрагч. Монгол Улс байгаа цагт энэ 4 мөрт амьдарсаар л байх болно. “Арандалынхан” роман буриадууд байгаа цагт адилхан оршин тогтнох л болно. Уран бүтээлийн амьдрах цаг хугацаа гэдэг энэ юм даа. Жинхэнэ яруу найрагчид нас гэж байдаггүй шиг жинхэнэ яруу найрагт цаг хугацаа гэж байхгүй.
-Өнөөдрийн Яруу найрагч Д.Гансүрэнг дүгнэж хэлбэл?
-Амьдрал бол сургууль биш тул дүн тавьдаггүй. Гансүрэнгийн мөн чанар цаг хугацааны уртад хэвээрээ боловч үзэл бодлын хувьд төлөвшиж өөрчлөгдөж байгаа. Өнөөдрийн би гэдэг дүгнэлт биш. Өнгөрснөөс үлдсэн хамгийн том олз нь би өөрөө юм шүү дээ. Дарга Гансүрэнгийн имижийг бүрдүүлэх гэж их явсан байна. Дарга Гансүрэн гэсэн имижээс одоо уйдаж, залхаж байна. Хэдий чинээ ухаан суух тусам миний байх газар биш гэдгийг мэдэрч байдаг. Тийм болохоор сүүлийн үед яруу найрагчийн шинжрүүгээ орж эхлээд байна даа.
-Таныг хараад байхад залуу сэтгэлгээтэй хүн шиг санагдлаа.
-Намайг залуу хүүхэнд дурлалаа гэдэг. Миний сэтгэл залуу байгаа юм чинь залуу хүүхэнд дурлахаас яах юм бэ. Цаг хугацаа урсан өнгөрөхөд Гансүрэнгийн насыг тоогоор тодорхойлох л байх. Гэхдээ уг мөн чанарын маань насыг тодорхойлохгүй шүү дээ. Би дурлахаа больсоныхоо маргааш үхнэ. Яагаад гэвэл яруу найрагч хүнд хийх ажил байхгүй учраас. Өнгөрсөн дурсамжаар амьдрана гэдэг асар утгагүй зүйл.
-Та ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Би төсөөлөхгүй. Ирээдүйгээ төсөөлөх хэрэг байхгүй. Эхлээд би өнөөдрөөрөө амьдарч сурах хэрэгтэй. Нэг ийм мөрт байдаг. Чиний нүдний чинь гүнийг
Живж үхэж байж мэдье гэж. Өнөөдөр инээмсэглэж чадвал ирээдүй надруу инээмсэглэх нь гарцаагүй.
-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье. Таныг урлагийн Янжинхлам бурхан өнөд ивээж байх болтугай.

Д.Одонтунгалаг