Эрүүл мэндийн салбарынхан ОУВС-д шаардлага хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо/МЭМАҮЭХ/-ны албан ёсны шаардлагыг Олон улсын валютын сан/ОУВС/-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын байранд очиж, хүлээлгэн өгсөн юм.
Уг шаардлагад, Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарджээ. Улмаар уг шаардлагын хариуг МЭМАҮЭХ-нд 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу салбарын ажилтнууд бид бусад төрийн үйлчилгээний ажилтнуудтай нэгдэн ОУВС-гийн Суурин төлөөлөгчийн байрны гадна талбайд цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэх ба цаашид хугацаагүй ажил хаялт хийхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Энэхүү шаардлагад, Манай улсад төсвийн болон урсгал тэнцлийн хосолмол хүндрэл учирч ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасанд эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэд хөдөлмөрчид бухимдалтай байна.
Учир нь МЭМАҮЭХ-ноос бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн судалгаагаар хүний нөөцийн хүрэлцээ хангамж стандартаас 10-55 хувиар дутагдалтай, эмч ажилчид ажлын байрны стресс, дарамтанд өртөж, нэг эмч, сувилагчид 2-3 хүний ажлыг хавсран хийж, халдвартай, хортой, хөдөлмөрийн хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг. Мөн сарын дундаж цалин болох 387-660 төгрөгөөр амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, өрийн дарамтанд амьдарч байна.
Энэ оны нэгдүгээр сарын 19-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрийн 3.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн болотжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ” гэж тусгасан ч Засгийг газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэлэлцээр эхэлсэн ч ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа” хэмээн тодотгожээ.
Д.Өлзий