Иргэний нисэхийн болон Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-29 11:35:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ болон ЗХЖШ-ын даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Иргэний нисэхийн болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл” анхны хуралдаанаа энэ  сарын 27-нд хийлээ.
Уг зөвлөл нь ИНЕГ болон Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох, дүгнэлт гаргах, үйл ажиллагааны баримт бичгүүдийн төсөл боловсруулах, хэлэлцэх, судалгаа явуулах, хэрэгжилтийг хангах зорилготой юм. Зөвлөлийн анхны хуралдаанаар 2017-2018 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд хамтран ажиллах, тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг зарлан мэдээлэх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, ИНЕГ-ын удирдах бүрэлдэхүүнтэй нэгдсэн Команд штабын сургуулилт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн саналаа нэгтгэв. Зөвлөлийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга нар жилийн хугацаагаар ээлжлэн даргалах юм. Энэ жил ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом даргалж байгаа юм.

Ч.Ариунболд
Related news