Сэтгүүлчдэд жендэрийн тэгш эрхийн тухай мэдлэг дутмаг байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход сэтгүүлчдийн оролцоо чухал байгааг өнөөдөр болсон “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцогчид онцлов.
Энэхүү уулзалтыг НҮБ-ын Хүн амын сан, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.
“Аливаа асуудлыг нийгэмд таниулахдаа манлайлагч хүч болдог хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдлэг мэдээлэл олгох шаардлагатай байна. Сэтгүүлчид энэ тал дээр мэдлэг дутмаг байдгаас үүдэн нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээдэг. Жишээ нь аливаа хүчирхийллийн асуудлыг охид эмэгтэйчүүд буруутай мэтээр дэлгэж тавихаасаа өмнө түүний суурь шалтгааныг олж харах нь маш чухал” хэмээн “Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясгах хэллээ.
Хэвлэлийн хүрээлэнгээс жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн талаарх ойлголтыг үнэлэх судалгаа явуулснаа дээрх уулзалтын үеэр танилцууллаа. Судалгаанд нийт 50 хэвлэл мэдээллийн байгууллагын 250 сэтгүүлч оролцоход 44 хувь нь мэдээллийн агуулгадаа жендэрийн асуудлыг авч хэлэлцдэггүй гэж хариулжээ.
Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ж.Оюунцэцэг, “Олон улсын жишигт хэвлэл мэдээллийн байгууллага аль нэг хүйст давуу эрх олгохгүй, аливаа асуудлыг хөндөхдөө нийгэмд хор хөнөөл учруулахгүй байх талаас нь олонд хүргэх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид зөвхөн дуулиан шуугианы араас л хөөцөлдөж байна” хэмээв.
Уулзалтын хүрээнд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх үүднээс шаардлагатай бодлого, түүнийг хэрэгжүүлэх заавар бүхий гарын авлагатай болохыг хэвлэл мэдээллийн байгууллага, түүний удирдлагуудад зөвлөлөө. Түүнчлэн сэтгүүлчдээ энэ чиглэлээр сургалт семинарт хамруулж, тэдний нийтэлж буй бүтээлд жендэрийн мэдрэмж байгаа эсэхэд үнэлэлт хийж байхыг санал болгов.
Л.Нандиа
Гэрэл зургийг Н.Батбаяр