Хонгор нутаг Гавьяат эмчийнхээ тоог нэгээр нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-21 01:10:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Баянхонгор аймаг байгуулагдсаны 76 жил, Баянхонгор хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадмын баярын хурал боллоо.
Баярын хуралд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, М.Билэгт болон аймаг, сумын удирдлагууд оролцож төр нийгэмдээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн нэр бүхий хүмүүст Засгийн газар, яам агентлаг, аймаг, сумын шагналуудыг гардуулав. Шагнал гардуулах ёслолын эхэнд Монгол Улсын "Хүний гавьяат эмч"-ээр Н.Чулуунбат тодорсныг гардуулан өгч, Хонгор нутаг бас нэгэн гавьяат эмчтэй болсон юм. Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон медалиуд эзнийхээ энгэрт гялалзлаа.

Баярыг хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэлсэн бол баярын хурлын илтгэлийг Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Баянхонгор хотын захирагч Ж.Мөнхсоёл хэллээ. Түүний аав мөн Баянхонгор сумын Засаг даргаар ажиллаж байсныг тэрээр хүндэтгэлийн индрээс онцлон тэмдэглэж, 60 жилийн түүхтэй эл хотын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэдгээ хэлж байлаа. 
                                                                                                                           Б.Мөнхзул
 

Related news