БАЯНХОНГОР: “Сахиусын дуган”-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд оршдог 330 гаруй жилийн түүхтэй Амарбуянт хийдийн Сахиусын дуганыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлажээ.
МАК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн тус засварын ажилд өөрийн үйлдвэрлэдэг цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашигласан бөгөөд соёлын өв болсон хуучин ханыг нь нураалгүйгээр бэхжүүлэн, барилгын дотор талд ил харагдах шийдэлтэйгээр бүтээсэн байна. Энэхүү дуганыг дахин сэргээснээр зах хязгаар нутгийн иргэд уламжлалт шашнаа эрхэмлэн шүтэх, хурал номын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, дэг жаяг, зан үйлийнхээ залгамж чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмэртэйг нутгийнхан ярьсан юм.
Амарбуянт хийд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт, Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд оршино. Хуучин Юмбэйсийн хошуунд харъяалагдаж байсан тус хийдийг 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх үүсгэж Цогчин дуган байгуулж, мөн жилдээ Цогчин хуруулж усан туулай жилээс (1795) хайлан хурал эхэлжээ.
Анх хийдийг байгуулах газрыг сонгохдоо усан тэлмэн жороо морь унасан 9 ламтан газар шинжин нааш цааш явах үед, тэр хавьд эртнээс нутагласан нэгэн ядуу өвгөн эмгэн хоёрын гэрийн үүдээр өнгөрч явтал ямаагаа сааж суух зуураа тэднийг гайхан харсан 2 хөгшин хөнөгтэй сүүгээ асгачихсан гэнэ. Сүү асгарсан газрыг сайн хэмээн есөн лам ихэд бэлгэшээж тэнд хийдээ байгуулахаар тогтсон байна.
Энэ хийд бол баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, найман дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны гурван сантай, 10 мянга гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв.
1904 онд XIII Далай лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянт хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан мэдээ байдаг. XIII Далай лам Түвдэнжамц 1904 оны модон луу жил Амарбуянтийн хийдэд морилох үед, Алтан тээлийн уулнаас 10 орчим км газар цагаан эсгий дэвсэж, хоёр талаар нь өнгийн чулуугаар хаан бугуйвч, хатан сүйх, угалз хээ өрж, хийдийн урд талын дэнжийг сүйх тэрэг чөлөөтэй багтахаар сэтэлж зам засч хүндэтгэл үзүүлж байжээ. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дуган барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байна. Уг шавын чулуу нь одоо хийдэд бий.
Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид мөргөж сүсэглэдэг. Өөр нэг сонирхолтой баримт дэлгэхэд нэрт зураач Николай Рерих 1927 оны дөрөвдүгээр сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг. Амарбуянт хийд нь байгуулагдсан цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр, мөн Хөх Хот, Өрөмч, Ховд, Улиастай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж өгч байсан эл хотын хөгжилд томоохон түлхэц өгч байсан боловч 1920-иод оноос хойш Монгол улс урд хилээ хааснаас шалгаалж гол үүрэг нь багассан байдаг.
1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед тус хийдийг нураасан ч, дуганууд хана болон суурь, лам нарын өргөө гэрийн туурь, хашаа зэрэг нь үлдэж, 1990-ээд оноос уг суурин дээр хуучин байсан дуган, хийдүүдийг сэргээн босгож одоо хурал ном нь хэвийн хэмжээнд хурдаг, говь нутгаар аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ.