БАЯНХОНГОР: Хүүхдэд хүргэх тусламж, үйлчилгээг аюулгүй байдлаар хүргэхийг чухалчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жил нярай болон бага насны хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд 10 хоногийн аян зохион байгуулан үргэлжилж байна. Уг аян нь нярай болон хүүхдийн аюулгүй байдалд бүх талын оролцоог хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй тусламж үйлчилгээний шинэ санал санаачилгыг дэвшүүлэх зорилготой юм.
Аяны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг “Нярай болон хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг төрсөн цагаас нь эхлэн аюулгүй байдлаар хүргэх” нь уриатай үйл ажиллагааг өрнүүллээ.
“Хүүхдийн аюулгүй байдал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, харин нийгмийн нийтлэг хариуцлага юм. Тиймээс хүүхдийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал” болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн үеэр үйлчүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтнуудад Хүүхдийн тасгийн эрхлэгч А.Ганболд “Хүүхдийн өвчний цогц менежмент”, дүрс оношилгооны их эмч С.Хатанбаатар, лабораторийн их эмч А.Сайнбилэг нар “Дүрс оношилгоо болон лабораторийн шинжилгээг хийхэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь”, эм зүйч Н.Болортуяа “Эмийн аюулгүй байдал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийв.
Мөн 250 гаруй иргэнд 15 төрлийн сургалтын материал, гарын авлага, дархлаа дэмжих витамин тарааж, санал хүсэлтийг сонссон байна.