“Бага Алтаргана” наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 23:20:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Буриад Монголчуудын ёс заншил, өв уламжлал, соёл урлаг спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулж шинэчлэн хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл, Булган аймгийн буриадын соёл, урлаг спортын “Бага Алтаргана” наадам энэ сарын 30-нд Хатгал тосгоны Сэлэнгэ жуулчны баазад зохион байгуулагдана.  Энэ үеэр буриад ардын дууны уралдаан, буриад хувцасны үзүүлбэр, буриад бөхийн барилдаан, сээр наадуулах уламжлалт наадам, сарлаг булгиулах  зэрэг тэмцээн болох юм.
Хөвсгөл аймаг халх, буриад, дархад, цаатан, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр, Ханх сумын нутагт ихэвчлэн буриадууд аж төрдөг байна. Тэднийг байгаль нуурын ар өврөөр нутаглаж байсан анчин гөрөөчин ойн иргэдийн нэг хэсэг гэж үздэг. Буриадууд монгол угсааны аймаг байсан бөгөөд 13-р зууны үед Монголын эзэнт улсын харьяат болжээ. Сүүлийн жилүүдэд монгол орны өнцөг булан бүр амьдран суугаа буриад зон олон хамтран уулзах билэгдэл болсон Алтаргана наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтсон бол энэ удаад зөвхөн Хөвсгөл, Булган аймгийн буриад  иргэд хамтран тус наадмыг зохион байгуулах гэнэ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1979 оны хүн амын тооллогоор тус аймгийн нийт иргэдээс 770 хүн буриад гэж бүртгүүлсэн бол 2000 оны тооллогоор 996 хүн болж жил ирэх тусам буриад иргэдийн тоо нэмэгдэж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Related news