Эх үрсийн баяраар төв талбайд нөөшилсөн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Эх үрсийн баяраар Баянхонгор аймгийн Баганат талбайд үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 52 иргэнд олголоо.
Иргэдийн зүгээс хүнсний худалдаа, хонжворт болон түрээсийн тоглоом, сугалаат худалдаа, бараа худалдаалах гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл хүссэн байна. Тэдгээр иргэд өнөөдөр Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын танхимд, нэгдсэн байдлаар зөвшөөрлөө авлаа. Тухайн зөвшөөрлийн дагуу 3 метр хүртэлх талбай хуваарилж, оноосны дагуу байрлан худалдаа, үйлчилгээ эрхлэхээр зохион байгуулжээ.
"Хүнсний наймаа эрхлэгчдийн тухайд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрүүл гэдгийг нотлосон эрүүл мэндийн үзлэгийн дэвтэрээ биедээ авч явах хэрэгтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцөл хангасан тоног төхөөрөмж, сав суулгатай байх, ялангуяа хөргөх төхөөрөмжтэй байх шаардлагатай"-г албаныхан сануулсан. Харин түргэн муудах бүтээгдэхүүн буюу майонез, өндөг, крем, хиам, нөөшилсөн болон загасны төрөл оролцуулсан бүтээгдэхүүн худалдаалахыг хоригложээ. Мөн тоглоомын үйлчилгээ эрхлэгчдээс төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг нэн түрүүнд шалгуур болгох бөгөөд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц, ялангуяа хамгаалалт бэхэлгээгүй болсон тохиолдолд үйлчилгээ эрхлэхээ зогсоох шаардлагатайг сануулж байсан. Түүнээс гадна үрлэн сумтай буу, сав баглаа боодлын шаардлага хангаагүй эвдэрсэн тоглоом зэрэг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглосон бүтээгдэхүүнээр үйлчлэх, худалдаалахыг хориглоно гэж байна.
Сонирхуулахад, Баянхонгор хот Эх үрсийн баяр буюу зургадугаар сарын нэгнийг Автомашингүй өдөр болгон зарлажээ.
Б.Мөнхзул