Нэг ангийн Хөдөлмөрийн баатрууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-15 19:47:48
Баянхонгор /МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд нэг ангиас гурван Хөдөлмөрийн баатар төрсөн нь ховор тохиолдлын нэг юм. Өдгөө баатрууд маань нутаг усандаа энх тунх, эрүүл саруул амьдарч байна.
Баатарын Төмөр /1945/. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын “Хөгжлийн зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 1986 оны 4 дүгээр сарын 3-нд  хүртжээ.
Цэргийн албыг барилгын цэрэгт хаахдаа барилгын ажилд хичээл зүтгэл гаргаж Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Тэргүүний барилгачин” цол, тэмдгээр шагнагдаж байсан. Тэрбээр 1976 оноос төрөлх сумынхаа нэгдэлд тэмээчнээр ажиллаж VI, VII таван жилд 213-317 тэмээ маллаж, нийт 367 ингэнээс 367 ботго  бойжуулж, нэгжээс 10 жилийн дунджаар 6402 грамм ноос авч, сүүний төлөвлөгөөг 100,7 хувь биелүүлж байжээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан байна. 
Дамбын Самдан /1941/. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын “Хөгжлийн зам” нэгдлийн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  цолыг 1989 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр гардаж байжээ. 
“Хөгжлийн зам” нэгдэлд 1957 оноос тэмээчин, улмаар ямаачнаар ажиллаж, 1980-1989 оны 10 жилд жил бүр дунджаар нутгийн монгол 680 илүү ямааг хорогдолгүй маллаж, 100 эх бүрээс 111 ишиг бойжуулж, нэгжээс 305 гр ноолуур, 243 гр ноос авч, 10.9 литр сүү сааж байжээ. Улсын хошой аварга малчин, МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонтой. 
Чогсомын Ванхүү/1942/. 1991 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын “Хөгжлийн зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.
Сумынхаа “Хөгжлийн зам” нэгдэлд олон жил тэмээчнээр ажиллаж, 1980-1982 оны гурван жилд 231-274 тэмээ маллаж, нэг бүрээс нь 6505-6850 грамм ноос авч, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-129,5 хувь биелүүлж улсын аварга малчин, дараах гурван жилд нь 296-342 тэмээ маллаж, тус бүрээс нь 5996-6905 грамм ноос авч, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-126,4 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараагийн жилүүдэд бататган хадгалж энэ эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнуулжээ.
                                                                                                                                                                         Б.Мөнхзул
Related news