Өндөрхаан нисэх буудлынхан өрх толгойлсон эмэгтэйд тусаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсээс “Inspiration challenge” аяныг зарлаад байна. Аяны хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын хамт олон “Inspiration challenge”-д нэгдэж, Хэрлэн сумын 1 дүгээр багийн өрх толгойлсон эмэгтэй Ш.Туяад сар шинийн босгон дээр сэтгэлийн дэм үзүүллээ.
Эрхэлсэн тодорхой ажилгүй, 5 хүүхдийн ээж, бие давхар энэ эмэгтэйд тус хамт олон сар шинийн иж бүрэн тавгийн идээ, 2 тонн нүүрс, 1 куб хөрөөдсөн мод, 1 шуудай гурил, будаа, бүхэл хонины мах зэрэг шаардлагатай хүнс, түлээг хувийн хандиваар авч, бэлэг болгон өгсөн юм. Мөн Ш.Туяа нь өөрийн эзэмшлийн газаргүй бөгөөд “Өндөрхаан” нисэх буудлын хамт олон аймгийн ГХБХБГ-тай хамтран газрын асуудлыг шийдэж өгөхөөр болсон байна.
Д.Одонтунгалаг