Тусгай зөвшөөрлөө шинэчлүүлэхийг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа цэг салбаруудад 70-аас дээш оноо авсан бол холбогдох материалаа бүрдүүлэн тусгай зөвшөөрлөө шинэчлүүлэхийг Зуунмод сумын Тамгын газраас сануулав.
Аймгийн Засаг даргын удирдамжаар өнгөрсөн оны 11-ээр сард аймгийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа цэг салбаруудад аттестатчилал хийж Зуунмод сумын хэмжээнд 42 аж ахуй нэгж 70-аас дээш оноо авсан байна.
Шалгалтын дүнг үндэслэн “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах цуцлах, хяналт тавих” журмыг шинэчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Шалгалтын дүнгээр 70-аас доош үнэлгээ авсан цэг салбаруудын хувьд тусгай зөвшөөрөл хүчингүй болж байгаа ба өөрийн хүсэлтээр хоёр сарын дотор дахин аттестатчилалд хамрагдах боломжтой гэж Зуунмод сумын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Батжаргал хэллээ.
Худалдаа үйлчилгээ эрхлэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд тусгай зөвшөөрлийн үнэт цаасны эх хувь, тохирлын гэрчилгээ, ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны дүгнэлт, цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн дүгнэлт, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, байршлын тодорхойлолт, сумын засаг даргын дэмжсэн бичиг, Тамхины тусгай зөвшөөрөл, үнэт цаасны үнэ, 5000 төгрөг зэргийг бүрүүлэн ирэх юм байна.
Т.Есүхэйтөмөр