АН-ын даргад нэр дэвшигчид С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-23 14:11:43

АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Түүний зохиосон “Хонхны дуу” нь 27 жилийн турш ардчиллын сүлд дуу болж ирсэн. Тиймээс ч С.Цогтсайхан агсны хөшөөг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар 2015 онд  бүтээн байгуулсан. 

АН-ын VI их хурлаас намын даргаа бүх гишүүдээс сонгож, намын үзэл баримтлал, үйл ажиллагаанд шинэчлэл хийхээр тогтсон. АН-ын даргын сонгууль энэ сарын 29-нд болох бөгөөд одоогоор намын даргын нэр дэвшигчийн сурталчилгааг нийт гишүүдийнхээ дунд өрнүүлж байна.

Намын даргад Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдөж буй. Нэр дэвшигчид 21 аймагт сурталчилгаагаа хийж дууссан, өнөөдрөөс Нийслэлийн 9 дүүргийн гишүүдтэй хийх уулзалтаа эхлүүлж байна.

Б.Гаваа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news