Монгол-Бутаны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-07 15:19:29

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан манай улсад 2024 оны 7 дугаар сард төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд соёл, боловсрол, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг таван чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сард Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын Парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилж байсан бөгөөд түүнээс хойш Засгийн газар болон салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, уулзалтын үр дүн эхнээсээ гарч байгаад талархалтай байгаагаа Монгол-Бутаны Парламентын бүлгийн дэд дарга Б.Баярбаатар яриандаа онцлов. Мөн тэрбээр цаашдаа хууль тогтоох байгууллагын хүрээнд туршлага судалж, сайн туршлагыг нутагшуулж ажиллах нь чухал гэдгийг дурдаад, Монгол Улсын Их Хурлын хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.


Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид халуун дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлж, түүх, соёл, шашны нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудын хувьд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, бэхжиж байгаад баяртай байгаагаа уламжлав. Түүнчлэн Бутаны Хаант Улс нь дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг улс орны хувьд баримталдаг бодлого, парламентын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал бодол, байр сууриа илэрхийлсэн юм.


Энэхүү уулзалтад Монгол-Бутаны Парламентын бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, О.Саранчулуун Бутаны Хаант Улсын талаас Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга хүндэт Куенга тус бүлгийн гишүүн Ринчэн Вангди, Намгай Вангчук, Күензанг Тинлей, Янгчен Ламо нар оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Ташрамд дурдахад, Монгол-Бутаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу нар ажилладаг. Мөн тус бүлэгт А.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Тулга, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд багтдаг ажээ. 




Related news