Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулахыг үүрэг болгов.
11
яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үнэлгээ,
урамшуулалтай холбоотой мэдээллийг нэгтгэн үзэхэд төрийн албан хаагчдын
үнэлгээний дундаж 98.7 хувьтай байна. Төрийн албан хаагчид гүйцэтгэлийн
үнэлгээгээр маш сайн-А, хангалттай-В үнэлгээ авдаг ч иргэдийн 60-аас илүү хувь
нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Иймээс Засгийн
газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны
байгууллагын төсвийн шууд захирагч нар болон Улсын Их Хурлын Тамгын газар,
түүний харьяа байгууллагын удирдлагууд 2024 оны эхний болон сүүлийн хагас жил,
2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй
болгож, байгууллагын цахим хуудаст наймдугаар сарын 20-ны дотор байршуулахыг үүрэг
болгов.
ЗГХЭГ-ын
Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ярихдаа, “Төрийн байгууллагын үйл ажиллагаа,
төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн үнэлгээгээр бодитоор
үнэлж, олон нийтийн хяналт бий болсноор бүтээмж өснө. Мөн иргэдэд үзүүлэх
төрийн үйлчилгээ сайжирч, итгэлцэл, удирдлагын хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж
байна” гэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
дарга С.Бямбацогтод хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн албан хаагчийн ажлын
гүйцэтгэл, үр дүнг шударга, бодитой үнэлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ
авахыг даалгав.