Уламжлалт анагаах ухааны төвийг гавьяат эмч Н.Төмөрбаатарын нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХорин таван жилийн түүхтэй Хэнтий аймгийн “Уламжлалт анагаах ухааны төв”-ийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор Намралын Төмөрбаатар агсаны нэрэмжит болголоо.
Тус эмнэлэг нь 1992 оны 7 дугаар сард байгуулагдаж, ААДХГЗ-ны даргын тогтоолоор Р.Байгалмааг эрхлэгчээр томилон, 3 орон тоотойгоор анхны шаваа тавьж байжээ. Харин 1999 онд Аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор орон нутагт анх удаа “Уламжлалт Анагаах Ухааны Төв” нэртэйгээр өргөтгөн одоог хүртэл амжилттай ажиллаж байгаа юм.
Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор Намралын Төмөрбаатар агсан нь Монголын уламжлалт анагаах ухааны орчин цагийн дэг сургуулийг үндэслэн байгуулагч бөгөөд АУИС-ийн УАУ-ны анхны тэнхмийн эрхлэгч, ЭМШУИС-ийн УАС-ийн анхны захирал, ЭМШУИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүн, ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүн, Монголын зүү төөнө заслын нийгэмлэгийн тэргүүн, Уламжлалт Анагаах Ухааны Эмч судлаачдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүнээр тус тус ажиллаж байсан нэгэн юм.
Тэрээр Хэнтий аймагт УАУ-ны төв байгуулахад арга зүйн зөвлөгөө өгч байсан бөгөөд “Уламжлалт анагаах ухааны төв”-ийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сувилалтай болгохоор санаачлан үр дүнтэй олон сургалт арга хэмжээг зохион байгуулж байсан хүндтэй хүн байв.
Тус эмнэлэг нь Н.Төмөрбаатарын нэрэмжит болсноороо АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон улсын Их сургуулийн түшиц эмнэлэг болон хөгжих эхлэлээ тавиад байна.
Д.Одонтунгалаг