Дорнод аймагт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга байгууламж олон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 17:38:40

Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн бүтээн байгуулалт эрс нэмэгдэж олон байшин барилга шинээр боссон. Хэдийгээр ихэнх барилга байгууламж хууль журмын дагуу баригддаг ч стандартын бус, газрын болоод барилга байгууламжийн хууль тогтоомжийг зөрчсөн байгууллагууд нэлээдгүй байгааг холбогдох албаныхан мэдээлж байна.

Тухайлбал: орон сууцны нэгдүгээр давхарт зөьшөөрөлгүй өргөтгөл хийх, давхраа нэмж барих, инженерийн шугам сүлжээн дээр барих, хотын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй газар тэр ч байтугай холбогдох газруудын зөвшөөрөлгүй барилга эхлүүлэх явдал сул байгаа нь МХГ, ГХБХБГ зэрэг холбогдох албаны ажил тааруу, хяналт сул байгааг илтгэнэ.

Эдгээр хууль тогтоомж зөрчөөд байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авч төрийн төмөр нүүрийг үзүүлэх хэрэгтэй гэдгийг ч аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр Тамгын газрын дара Бат-Өлзий хэлж байсан. Үнэхээр ч төр гэж байдаг бол болохгүй байгаа зүйлийг бага дээр засаад явах хэрэгтэй нь дамжиггүй.

Одоогоор “Ольхон”, “Сүхжин”, “Талын сувд”, “Восток” ресторан, “Добч” зэрэг томоохон компаниуд зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа босгоод байгаа бол нэлээд хэдэн хувь хүмүүс орон сууцанд зөвшөөрөлгүй өргөтгөл хийгээд байгааг мэдээллээ.

Б.Туяа

 

Related news