ДОРНОД: Багийн болон бүтээлч даалгавраар үндэсний бичгийн ур чадвараа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-24 09:56:27

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЗДТГ алба хаагчдынхаа дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдааныг зохион байгуулж байна.


Уралдааныг бүтээлч гэрийн даалгавар болон багийн гүйцэтгэлийн төрлөөр зохион байгуулж байна. Үүнд үндэсний бичгээр бичсэн эхийг тогтоосон хугацаанд уншиж кирилл бичигт хөрвүүлэх, кирилл бичгээр бичсэн оноосон нэрийг үндэсний бичигт буцаан хөрвүүлэх, үндэсний бичгийн үгийг уншиж утгыг тайлбарлан үйл хөдлөлөөр илэрхийлэх, мөн сугалсан үгсийн галигийг зөв дуудаж хэлэх зэрэг даалгаврыг гүйцэтгэж байна.


Тэмцээнд найман багийн 32 албан хаагч оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна. 

ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс эх хэл, бичиг соёлын өвийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлоороо бахархах, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх зорилготойгоор тус уралдааныг санаачилжээ.

 

Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд монгол бичгийн 90 гаруй багш бий. Багш бүр тухайн сум, орон нутагтаа үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол бичгээ суръя” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд жил бүр төрийн албан хаагчдад сургалт хийж, цахим орчин дахь нөлөөллийн ажлыг СӨБ-ын болон ЕБС-ийн монгол хэлний багш нартай хамтран хэрэгжүүлж байна.  



Related news