ДОРНОД: Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө нь Монголын эзэнт гүрний үеийн хүн чулуун дурсгалуудаас ур хийц, бодит дүрслэлээрээ онцгой байр суурь эзэлдэг. Цагаан гантигаар бүтээсэн, 48×160×70 хэмжээтэй энэ хөшөөний хуулбарыг урлан үлдээж, эх хувийг нь Монголын үндэсний түүхийн музейд хадгалж байна.
Хөшөөг дүрсэлбэл, язгууртан эр хүн төлөв төвшин, эрхэмсэг байдалтайгаар сууж байх бөгөөд шибилгэр гэзэг, шилэвчтэй малгайтай, зөв энгэртэй, ташуу захтай дээл өмсөж гадуур нь богино ханцуйтай давхар хувцастай байдаг. Өргөн бүстэй баруун, зүүн ташаандаа хавтага, хутга, тээг унжуулж, дээлийн хормойн дороос гутлын хоншоор үл мэдэг цухуйж харагддаг. Зүүн гартаа аяга барьж, баруун гараа сандлын түшлэг дээр тавьсан нь түүний тайван, эрхэмсэг төрхийг улам тодотгоно. Исэр сандлын түшлэг, хөл, суурийг бадам цэцгийн хээгээр товойлгон сийлжээ. Тухайн үед цагаан гантигаар урласан хөшөө нь ихэвчлэн язгууртны зэрэг зиндааг илтгэдэг байв.
Энэхүү хүн чулуун хөшөөний дээл хувцас цээжин хэсгээрээ битүү хээ угалзтай байсан нь бүдэг ором төдий үлджээ. Хүний зүс царай, бие бялдрын хэмжээ, харьцааг нэн нарийн, бодитой илэрхийлэн дүрсэлсэн нь уг бүтээлийн онцлогийг тодотгож байна.