Хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглолоо. Мөн “Ухаалаг утаснаас товчлууртай утас руу шилжих” санаачлага өрнүүлж, эрчимжүүлэхээр болсон байна.
Түүнчлэн сургуулийн орчинд цахим хэрэгслийг зохистой ашиглах талаар эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах үүргийг Сургуулийн захиргаа хүлээж ажиллана.
Цаашид цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар мэргэжлийн байгууллагын тусламжтай сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмолжуулахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгожээ. Тус шийдвэр энэ сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжих аж.
Сонирхуулахад, 2016-2017 оны хичээлийн жилд Баянхонгор сумын хэмжээнд 8203 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 410 багш ажиллаж байна.
Б.Мөнхзул