Дарханчууд шинэ оноо “Мөсөн хотхон”-д угтана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДарханчууд шинэ оноо угтахаар Дархан хотын Залуучууд театрын өмнөх “Найрамдал” талбайд хамтын хүчээр “Мөсөн хотхон” байгууллаа. Тус хотхонд өвлийн өвгөн, цасан охин, 24 ширхэг ойн ан амьтад, мөсөн гулгуур, 12 жилийн мөсөн баримал болон дэлхийд алдартай өндөр барилга, байгууламжийг мөсөөр хийж урлажээ.
Уг бүтээн байгуулалтыг аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Онцгой Байдлын газар, Цагдаагийн газар, “Дархан Ус суваг” ХК, “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК зэрэг дулаан, эрчим хүчний байгууллагуудын ажилтан албан хаагчид идэвхтэй оролцож бүтээсэн байна.
Эдгээрийг тус аймагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг найман арилжааны банк, “Дархан Номин” худалдааны төв, “Дархан Нэхий” ХК, “Алтан хүнс” ХХК, мөн шатахуун түгээгүүрийн долоон байгууллага зэрэг нийт 20 гаруй байгууллагуудын хандив тусламжаар цогцлуулан бүтээлээ гэж аймгийн захирагчийн албаны дарга н.Равжаадэлгэрэх ярилаа.
Ийнхүү Дарханчууд шинэ оноо “Мөсөн хотхон”-доо 31-ний орой угтахаар болж 16 цагаас “Ахмадын шинэ жил” Спортын ордонд эхлэх бол 18 цагаас Залуучууд театрт хүүхдийн “Хүслэн шинэ жил”, 21 цагаас “Найрамдал” талбайд баярын цэнгүүн эхлэж өвлийн өвгөн, цасан охидтойгоо айлчилж улмаар урлагийн тоглолтоор үргэлжилж шинэ оноо угтах аж.
Б.Норовсамбуу