“Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-20 13:25:37
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн мэргэжлийн Хяналтын газраас “Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” аяныг энэ сарын нэгнээс эхлүүлсэн бөгөөд энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх аж.

Уг аяны хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 4-р дунд сургуулийн захиргаатай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Үдийн цай" хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 14 төрлийн эрүүл хоолоор үзэсгэлэн гаргасан юм.

4-р сургууль нийт 420 сурагчтай бөгөөд  5 км зайд Зууммод сумаас 120 хүүхэд нь хичээлдээ явдаг. Хичээл, сургалтын үед чанартай хоол хүнсний асуудал маш чухал шаардлагатай байсан. Өмнө нь стандартын шаардлага хангахгүй гал тогоонд үйл ажиллагаагаа явуулж байв. Тиймээс Сургуулийн захиргаанаас сургуулийн агуулахын талбайг иргэн Светланатай хамтран засварлан ашиглаж чанарын шаардлага хангасан “үдийн цай” өгч эхэлснийг Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 4-р сургуулийн захирал Ө.Дуламсүрэн хэллээ.

Мөн энэ үеэр Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Шүд, чих хамар хоолойн эмч нар бага ангийн хүүхдүүдэд үзлэг хийсэн юм. Тус үзлэгт 240 хүүхэд хамрагдсан бөгөөд хүүхдүүдийн 90 хувь нь шүдний өвчлөлтэй, 60 хувь нь чих хамар хоолойн өвчлөлтэй байгаа талаар Төв аймгийн НЭ-ийн Чих, хамар хоолойн Их эмч Б.Амгаланбаяр хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр

Related news