Р.Дутерте: Би гурван гэмт этгээдийг устгасан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-17 14:11:55

МАНИЛА. /ВВС/. Давао хотын дарга байхдаа би гурван хүнийг буудан устгасан гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ВВС телевизэд мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “би гурван гэмт хэрэгтнийг хөнөөж байсан. Миний бууны хэдэн сум тэдний биед зоогдсоныг би хэлж мэдэхгүй нь. Энэ бол болсон явдал. Би энэ тухай худал яриагүй” гэжээ.

Р.Дутерте гэмт этгээдүүдийг өөрийн гараар хөнөөж байсан гэсэн мэдээлэл энэ долоо хоногийн дундуур гарсан юм. Уг мэдээллийг үгүйсгэн няцаасан мэдэгдлийг хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр хийснээс хэдхэн цагийн дараа  Р.Дутерте ВВС телевизэд дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Р.Дутерте нийслэл Манила хотод ерөнхийлөгчийн ордонд бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ ““би Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр жишээ үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хайж олоод, хөнөөж байсан. Давао хотод мотоциклтой эргүүл хийж байхдаа гэмт этгээдүүдтэй нүүр тулж, шууд буудан хөнөөж байсан” гэж хэлсэн гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тэрбээр Давао хотын даргаар 20 жилийн турш ажиллахдаа гэмт хэрэгтэй тэмцэхэд хүчин чармайлт гаргаснаараа ихээхэн нэр хүндтэй болсон юм.

Гурван хүнийг хөнөөснөө тэрбээр 2015 онд тус хотын дарга байхдаа анх цухуйлгаж байжээ. Түүний хэлснээр, тэр гурван хүн нь охид эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчирхийлсэн этгээдүүд байсан аж.

Энэ оны тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Р.Дутертегийн өрнүүлж эхэлсэн “хар тамхины эсрэг дайн”-ы явцад амиа алдсан хүмүүсийн тоо 6000-д хүрээд байгаа билээ.

Хар тамхи наймаалагчид болон хэрэглэгчдийг шүүхийн шийдвэргүйгээр шууд хөнөөх эрхийг цагдаа нарт олгож байна гэж Р.Дутерте-г хүний эрхийн төлөө тэмцэгчид болон шүүмжлэгчид буруушааж байгаа юм.

Г.Доржханд

Related news