Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-28 16:41:40

РОМ, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /Reuters/. Помпей хотод судалгаа хийж буй археологичид 2 000 шахам жилийн өмнө эртний Ромын энэ хотыг сүйрүүлсэн галт уулын дэлбэрэлтэд өртөн амиа алдсан нэгэн хүний дүр төрхийг анх удаа хиймэл оюун ухаан ашиглан сэргээжээ.


Помпейн археологийн хүрээлэнгээс даваа гарагт олон нийтэд үзүүлсэн уг зурагт нэгэн эрэгтэйг толгойгоо том саваар халхлан тонгойж буйгаар дүрсэлсэн бөгөөд ар талд нь оргилон дэлбэрч буй Везуви галт уул харагдана. Ийм дүр төрхийг тус хотын өмнөд хаалгануудын нэгийнх нь гаднаас саяхан олдсон эрэгтэй хүний шарилд үндэслэн сэргээжээ. Түүний цогцосны хажуунаас өөрийгөө хамгаалах зорилгоор ашигласан байсан байж магадгүй шавар сав олдсон байна. 


Уг эрэгтэй галт уулын дэлбэрэлтийн хоёр дахь өдрийн үүрээр далай руу зугтахыг оролдох үедээ галт уулын чулуулгад оногдож амиа алдсан гэж археологичид үзэж байгаа ажээ. Тэрбээр биедээ дэнлүү, 10 хүрэл зоос авч явж байсан гэж Археологийн хүрээлэн мэдээлжээ. 


"Хиймэл оюуныг зөв ашиглаж чадвал сонгодог судалгааг шинэ түвшинд гаргаж, эртний ертөнцийг илүү бодитойгоор харуулах боломжтой" хэмээн Археологийн хүрээлэнгийн захирал Габриэль Зухтригель ярилаа. 


Неаполь хотоос зүүн өмнөд зүгт 25 км-ийн зайд орших, цэцэглэн хөгжиж байсан Помпей хот  МЭ 79 онд Везуви галт уул дэлбэрэх үед хэдэн метрийн зузаан үнс нурманд дарагдсан юм.


XVIII зуунд дахин нээгдсэн уг хот өдгөө дэлхийн археологийн чухал дурсгалуудын нэг төдийгүй Италийн аялал жуулчлалын томоохон бүс болж, 2024 онд 4.3 сая жуулчин хүлээн авчээ. 


Related news