СЭЛЭНГЭ: Органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээг бий болгох, Монгол брэндийн худалдааны сүлжээг өргөтгөх, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг төрийн бодлогын чиг үүргийг төслийн үйл ажиллагаатай уялдуулан, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор АДРА Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй “Органик хөдөө аж ахуйн түншлэл II” төсөл болон Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү
хамтын ажиллагааны хүрээнд:
-Сэлэнгэ аймгийн органик үйлдвэрлэл эрхлэгч хоршоодын үйл ажиллагааг дэмжих,
-Органик
тариаланч, зөгийн аж ахуй эрхлэгчдийг нэмэгдүүлэх,
-Зах
зээлийн хүртээмжийг өргөжүүлэх,
-Хоршоодын
засаглалыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах,
-“Алсын
хараа 2050” бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
Сэлэнгэ аймаг АДРА Монгол олон улсын байгууллагатай хамтран органик хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн өмнөх төсөл бодит үр дүнгээ өгчээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хоршоодыг дэмжин, органик хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр төмс, хүнсний ногоо, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэлт нэмэгджээ.
Мөн сумдад хамтын баталгаажуулалтын тогтолцоо бүрдэж, “органик” шошготой бүтээгдэхүүн зах зээлд гарах боломж нээгдсэн байна. Үүний зэрэгцээ тариаланчдад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, орлого нь өссөн байна. Тодруулбал, 30 гаруй хоршооны үйлдвэрлэл сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн, органик төмс, хүнсний ногоо, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Мөн баталгаажсан
органик тогтолцоо бий болж, 11 суманд 15 хамтын баталгаажуулалтын байгууллага бий
болж, бүтээгдэхүүнд албан ёсны “органик” шошго хэрэглэх боломж бүрджээ.
Энэхүү
хамтын ажиллагаа нь Сэлэнгэ аймагт органик хүнсний үйлдвэрлэлийг системтэй
хөгжүүлж, баталгаажуулалт, зах зээл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг
зэрэг сайжруулсан цогц үр дүнтэй ажил болсон төдийгүй уг төсөл нь Сэлэнгэ
аймгийг органик хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн жишиг бүс болгон хөгжүүлэх
суурийг тавьж өгсөн байна.