Газрын тос боловсруулах үйлдвэрийн Атмосферийн нэрлэгийн цамхагийг тээвэрлэхэд бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн гол байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийг БНЭУ-ын Ченнай хот дахь KCP Limited компанид үйлдвэрлэж, 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тестүүдийг хийн, азотоор дүүргэж алсын тээвэрт бэлэн болгожээ.
58.4 метр өндөр, 3.2 метр диаметртэй, 245 тн жинтэй тус цамхагийг дөрвөн хэсэгт хуваан хоёрдугаар сарын дундуур Энэтхэгийн Мумбай хотоос далайгаар тээвэрлэж, улмаар БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол дахь үйлдвэрийн талбай руу трейлерээр тээвэрлэх юм.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн удирдлага, инженерүүд нэрлэгийн цамхагийн үйлдвэрлэлийн явцтай 2025 оны арванхоёрдугаар сард танилцсан бөгөөд ийнхүү уг ажил бүрэн дуусч, тээвэрлэгдэхэд бэлэн болжээ.
