ЗАВХАН: Улиастай-Алтай чиглэлийн авто замын ажлыг гуравдугаар сараас үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Завхан аймагт энэ сарын 29, 30-ний өдрүүдэд ажиллаж байна.
Тэрээр Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй суманд ажиллаж Улиастай-Алтай чиглэл, Арцсуурь, Түдэвтэй чиглэлийн авто замууд, Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж иргэдтэй уулзалт хийнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Улиастай-Алтай сумыг холбох 178 км хатуу хучилттай авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Улиастай-Алтай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замын ажлыг энэ оны гуравдугаар сараас үргэлжлүүлэн хийх юм. Энэ замыг 2028 оны нэгдүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм. Түүнчлэн Нөмрөг-Сонгино Түдэвтэй чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр сумуудад туулах чадвар сайтай автомашин, малын өвс тэжээлийг гардуулан өглөө.
Энэ өвөл Завхан аймагт өвөлжилт харьцангуй өнөтэй байгаа ч Их-Уул, Завханмандал, Тэс, Отгон сумдын нутагт цас их орж, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Иймд Тэс, Отгон суманд туулах чадвар сайтай автомашин, мөн улсын болон орон нутгийн чанартай томоохон даваа, замыг шаардлагатай үед цэвэрлэж, автозамыг чөлөөлөх зориулалттай хүчин чадал сайтай ковшийг гардуулан өглөө.
Түүнчлэн Улсын онцгой комиссоос Завхан аймагт олгосон 450 тонн малын тэжээлийн дээжээс Алдархаан, Цагаанхайрхан сумдад тэжээлийг хүлээлгэн өгсөн байна.

Улиастай-Алтайг холбох 178 км хатуу хучилттай авто зам

УИХ-ын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Завхан аймагт ажиллаж байна.

Улсын онцгой комиссоос Завхан аймагт 450 тонн малын тэжээл олгож байна.
