СЭЛЭНГЭ: Органик хөдөө аж ахуйг хөгжүүлсэн анхдагч аймаг болж байгаад талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2026-04-09 10:06:25

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. АДРА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винделл Маранан, АДРА Нийгмийн үйлчилгээний ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбаяр нарыг Сэлэнгэ аймгийн удирдлагууд энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан санал солилцсон байна.


АДРА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винделл Маранан уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улсад органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймаг анхдагч байж, үр дүнтэй хамтран ажилласанд талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. 


Сэлэнгэ аймгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тэргүүлэх үүрэгтэй оролцоход АДРА ОУБ-ын хувь нэмэр маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо.

 

Хатагтай Винделл Маранангийн хувьд манай улсад 5.5 жил ажиллаад буцаж байгаа бөгөөд шинээр томилогдсон захирал М.Энхбаярыг танилцуулж, ажлаа хүлээлгэн өгч байгаагаа дуулгалаа.


Тэрээр Сэлэнгэ аймагтай олон жил хамтран ажиллаж, эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхэд иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажилласан тул Сэлэнгэ аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон гардуулан өглөө.


Сэлэнгэ аймаг тус байгууллагатай 2018 оноос хойш хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа юм.

 

Үүний хүрэээнд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон ажлын байранд дэмжлэг болохуйц багаж хэрэгслүүдийг үе шаттай нийлүүлж, органик үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, дэмжих механизмыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгчээ. 

Related news