ЗАВХАН: Дэд бүтцийн хөгжлийн төслүүд энэ онд үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Бүсчилсэн
хөгжлийн бодлогын хүрээнд Завхан аймагт авто зам, эрчим хүч, боомт,
үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтцийн чиглэлээр энэ онд 7 төсөл хэрэгжүүлнэ гэж
Эдгээр төслийн зорилго нь баруун бүсийн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, аймгийн төв болон сумдыг хатуу хучилттай авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэр, логистикийн сүлжээнд үе шаттай холбох, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэж байна.
Тэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Арц суурь боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж, дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх төсөл 73.0 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Төслийн хүрээнд боомтын барилга байгууламжийг өргөтгөх, инженерийн дэд бүтцийг (цахилгаан, дулаан, холбоо, ус хангамж) шинэчлэх, хяналт шалгалтын талбай болон логистикийн зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийнэ. Одоогоор ТЭЗҮ болон зураг төслийг бүрэн боловсруулсан байна. Төсөл хэрэгжүүлснээр хил орчмын худалдаа, тээвэр, экспортын урсгал нэмэгдэж, бүс нутгийн эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлэх юм.
Олон улсын коридор бүрдүүлэх авто замуудын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Улиастай-Алтай, Арц суурь-Түдэвтэй чиглэлийн авто замын барилгын ажил үргэлжилж байна. Эдгээр замыг ашиглалтад оруулснаар урд, хойд хөрш болон Ази, Европыг холбосон авто замын гурав дахь коридор бүрдэх стратегийн боломж бий болно. Эхний ээлжид Завхан аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумыг хатуу хучилттай авто замд холбохоор төлөвлөж байна.
Тосонцэнгэл сумыг баруун бүсийн үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд “Үйлдвэр технологийн парк” байгуулах төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Төслийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилготой.
"Баруун аймгуудыг холбосон аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох хүрээнд Хомын хоолойн гүүр, Дөрвөлжин, Шилүүстэй суманд Завхан гол дээр гүүр барих зураг төслийн ажлыг хийж байна. Ингэснээр жуулчдын урсгал нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Гэх мэтчлэн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр Завхан аймаг баруун бүсийн тээвэр, логистик, эрчим хүч, үйлдвэрлэлийн стратегийн зангилаа бүс болон хөгжих суурь нөхцөл бүрдэх юм" гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Азжаргал хэллээ.