Л.Дүгэрсүрэн: Хар төмөр аливаа бүтээлийн суурь, гол нуруу болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.
Улаангом сумын 1-р багийн малчин, хар төмрийн дархан, сийлбэрч, яруу найрагч Лодовын Дүгэрсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Та монгол
дархны эрдэм, өв соёлыг хэрхэн эзэмшсэн бэ?
-Би ааваасаа хар төмрийн дархны эрдмийг ухаанд орсон цагаасаа өвлөж авсан. Хажууд нь сууж, дархны хөөрөг, ооль, модны хутга, шөвөг, хазаарын амгай, зуузай зэрэг хар төмрөөр хийж болох бүх зүйлийг хүүхэд байхаасаа харж суралцсан.
-Модоор
сийлбэр хийх ур чадварыг яаж сурсан бэ?
-2000 оны эхээр модоор сийлбэр хийж сурсан. Анх хурдан морины хусуур шоотог хийсэн. Хүмүүс дуурайж хийхээс илүү өөрийн гэсэн онцлогтой хийх нь чухал гэж үздэг. “Учиртай гурав” гэдэг нэртэй хусуур шоотог хийж байлаа. Зөвхөн шоотог нь гэхэд бариул нь амандаа сувд зүүсэн. Олдохгүй гэж сувд, баригдахгүй гэж загас, гүйцэгдэхгүй гэж зээрийн шийртэй шоотог хийсэн. Олохгүйг олж, барихгүйг барьж, гүйцэхгүйг гүйцнэ гэсэн бэлгэдлээр “Учиртай гурав” гэдэг нэр өгч байлаа. Харин хусуур нь болохоор морь, арга билгийн загас, хурдан хошуутай. Гурав гурваар бэлгэдэлтэй болсон тул “Учиртай гурав” гэж нэрлэсэн.

-Та бүтээлээ
хийхдээ байнга билиг, ерөөл бодож урладаг нь ихээхэн онцлогтой санагддаг?
-Манай монголчууд амны билигтэй ард түмэн шүү дээ. Би ч тэр зарчмаар бүтээлээ урладаг. Жишээ нь, “Найман бэлгэдэлтэй цацал” гэхэд цагийн хүрд, арга билгийн загас, ембүүтэй. Цацлын есөн нүхний наймыг цэцэг хэлбэртэй, үлдсэн нэгийг дэлбээ хэлбэртэйгээр ариун гэж хийсэн. Мөн цэцэг, навч, чандмань эрдэнэ, гал, нар, сар гэх мэт найман бэлгэдлийг сийлсэн. Хүмүүст тайлбарлахдаа: “Цаг үргэлж арга билиг, ертөнцийн эргэх жамаар өлзийтэй байж, цэцгийн дэлбээ мэт өргөсөн сүү цай нь дэлгэрч, хүний үйлс чандмань эрдэнэ мэт, галын дөл мэт гурван үедээ бадарч явах болтугай” гэж хэлдэг. Худалдан авсан хүндээ ч “Өгсөн авсандаа өлзийтэй байж, өргөсөн ертөнцийг гийгүүлж явах болтугай” хэмээн ерөөж өгдөг. Ингэж ерөөл, билигтэй бүтээлээ урлахаас гадна хүн бүрд сайн сайхан зүйл хүсэх нь надад хамгийн сайхан санагддаг.
-Өнгөрсөн
хугацаанд хэчнээн бүтээл урлав?
-Тэс сумаас Улаангомд шилжиж ирээд таван жил болж байна. Энэ хугацаанд би 300 гаруй цацал, 100 гаруй хусуур шоотог бүтээсэн. Мөн архад, хазаар, ногт, амгай, зуузай, ур аяга, хөөрөг, хувин гэх мэт төрөл бүрийн бүтээл хийсэн. Ур аягынхаа урыг хаялгүйгээр ур хөөрөг хийдэг бөгөөд модны байгалийн хээг ашиглахаар хүмүүс их сонирдог.
Монголчуудын ахуй гол төлөв модон, суран, төмөр эдлэл дээр тогтсон. Өвөг дээдэс, малчид өдөр тутамдаа малаа маллахын зэрэгцээ арьсаа элдэж, хазаар, ногтоо зангидаж, амгай, зуузайгаа цохиж, сэлэм, жад, зэр зэвсгээ өөрсдөө хийдэг байсан. Хар төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжвөл улс оронд ашигтай, янз бүрийн бүтээл хийх боломж нээгдэнэ. Хар төмөр нь аливаа бүтээлийн суурь, гол нуруу болдог.
Сүүлийн үед малын арьс шир хог болж байна. Боловсруулаад эд хийвэл хэчнээн сайхан. Монголын их баялаг, таван хошуу малын буян жалга руу шидэгдэж, үнэгүйдэж хаягдаж байгаад харамсаж байна. Би идэшнийхээ малын арьсыг элдээд сур аргамж, архад хийж борлуулдаг. Хүмүүс хэт бэлэнчлээд, залхуураад байна. Хонины арьсан дээл хийж өмсдөг хүн бараг байхаа больсон, бүгд хиймэл арьсан дээл өмсөж байна. Монгол өв соёл, арга ухаан алдагдаж байгаад үнэхээр их харамсаж байна.
-Та яруу
найрагч хүн. Олон сайхан шүлэг бичсэн шүү дээ?
-Ажлынхаа зөв
чөлөөгөөр үзэг, цаас нийлүүлж, шүлэг бичдэг. Одоогоор шүлгийн хоёр ном
хэвлүүлээд байна.
-Танд баярлалаа.

