УВС: Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн ажилтнуудын судалгааны ур чадварыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох замаар нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Энэхүү хуралд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч тусгай мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнууд өргөнөөр оролцож, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан бөгөөд нийтдээ 26 илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.
Тухайлбал, "Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэгчдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан туршлагыг судлах нь", "Хавдрын мэс заслын дараах өвдөлт намдаалт болон сувилахуйн тусламж үйлчилгээний үр дүнг үнэлэх нь", "Цусны доноруудын цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээгээр хасагдалтыг судалсан нь" зэрэг сонирхолтой илтгэлүүдийг энэ үеэр хэлэлцүүллээ.
Энэ жилийн илтгэлүүд шинэлэг агуулгатай, практикт нэвтрүүлэх боломжтой, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнг тусгаснаараа ихээхэн онцлог байсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо хэмээн эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эмч, мэргэжилтнүүд онцолж байв.
