ДОРНОД: Гал түймрээс урьдчилан сэргийлэх постуудыг ажиллуулж эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Маргаашаас эхлэн гал түймрээс урьдчилан сэргийлэх постуудыг улс, орон нутгийн чанартай авто зам, эрсдэл бүхий цэгүүдэд ажиллуулахаар боллоо.
Энэ он гарсаар Халхгол, Баян-Уул, Чойбалсан, Булган, Матад, Баяндун суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Ёл үүрэг чиглэлүүд өгсөн байна. Тухайлбал, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр аймгийн Онцгой комиссоос гурван бүлгийг сумдад ажиллуулах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллага, ойн анги салбар, нэгжүүд харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд байнгын эргүүл постыг сарын хугацаанд гаргаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор /дрон/ ажиглалт тандалтыг хийхийг үүрэг болгов. Мөн хуурайшилт ихтэй байршлуудыг тогтоож, үүлэнд зориудаар нөлөөлөх төлөвлөгөөг гаргаж ажиллах, бүх сум хогийн цэгээс гал алдахаас урьдчилан сэргийлж хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.
ОБЕГ-аас томилогдсон Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгаас тус бүр 8 хүнтэй шуурхай бүлэг Дорнод аймгийн Матад сум, "Петрочайна" ХХК-ийн 21 дүгээр талбай, Дашбалбар суманд хүч нэмж ажиллахаар болжээ.