УВС: Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого энэ сарын 15-нээс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-08 17:15:13

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого"-ыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн энэ сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулна.


Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн Статистикийн хэлтсээс аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор энэ сарын 7-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг хамрууллаа. Өдөрлөгт аймгийн Татварын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцож, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм.


Увс аймгийн хэмжээнд 3400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч тооллогод хамрагдах юм.


Тооллогод хамрагдаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх заалттай тул аж ахуйн нэгж, байгууллагууд хуульд заасан хугацаанд идэвхтэй хамрагдахыг энэ үеэр уриаллаа.


Мөн статистик мэдээ, тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөв илгээсэн “Солонго талст”, “Баялаг гранд”, “Үрлэн сондор” компаниудыг “Шилдэг мэдээлэгч-Баялаг бүтээгч” байгууллагаар шалгаруулан шагнаж урамшуулсан юм.


Related news