ДОРНОД: Он гарсаар есөн удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар Дорнод аймгийн хэмжээнд есөн удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын алба хаагчид Халхгол, Матад, Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр Халхгол сумын нутаг, хилийн цэргийн 0198 дугаар ангийн Авдрантын заставын хариуцсан хэсгээр 10 км урт, 4 км өргөнтэй түймэр Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 62 дугаар ангиас хоёр бүлэг ажиллаж байна гэж Зүүн бүсийн төв ОБГ-аас мэдээллээ. Мөн Матад сумын нутаг, Хөөтийн уурхайн урд гарсан хээрийн түймрийг унтраахаар Матад, Эрдэнэцагаан, Газрын тосны 19-р талбайгаас томилогдсон бүлэг ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдөр Халхгол суманд гарсан хээрийн түймэр 110 км урт, 80 км өргөн талбайг хамарч шатсаныг бүрэн унтраасан гэв.
ОБЕГ говийн бүсийн аймгуудаас бүлэг томилж, Дорнод аймагт ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу хөдөлгөөн ажиллагааг эхлүүлсэн байна.